Walmart

Walmart, Inc. ([ˈwɔːlmɑːrt], «Уолмарт») —Walmart брэндийн дор үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том бөөний болон жижиглэн худалдааны сүлжээг ажиллуулдаг Америкийн компани. АНУ-ын Арканзас мужийн Бентонвилл хотод төв байр нь байдаг. Үйл ажиллагаа явуулдаг гол бүсүүд нь Канад, Чили, Төв Америк, Африк, Хятад бөгөөд АНУ, Мексикт томоохон байр суурь эзэлдэг байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Тус компанийг 1962 оны 7-р сарын 2-нд Арканзас мужийн Рожерс хотод Сэм Мур Уолтон үүсгэн байгуулжээ. Тэрээр анхны дэлгүүрээ 1945 онд "Ben Franklin" сүлжээнээс франчайз хэлбэрээр худалдаж авсан байна. 1950-иад оны эцэс гэхэд тэр болон түүний дүү Жеймс Лоуренс Уолтон энэ сүлжээний 9 дэлгүүр эзэмшдэг байжээ. Тэрээр сүлжээний эздэд жижиг хотуудад барааны бөөний худалдааны үнэтэй худалдааны төвүүдийг нээх санааг санал болгосон байна. Татгалзсан хариуг хүлээн авсны дараа 1962 онд тэрээр анхны дэлгүүрээ нээж, "Wal-Mart Discount City" гэж нэрлэжээ. Дэлгүүрийн нэрэнд "Wal" нь "Walton" овгийн товчлол, "Mart" нь "маркет" буюу зах гэсэн үгийн нийтлэг товчлол юм. 1960-аад оны сүүлч гэхэд Wal-Mart худалдааны 18 төв нээгдэж, 1969 оны 10-р сард "Wal-Mart Stores, Inc" компани бүртгүүлж, 1970 онд олон нийтэд нээлттэй болж, 1972 онд Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй болсон түүхтэй.
1979 он гэхэд тус компани АНУ-ын 11 мужид 276 худалдааны төвтэй байсан бөгөөд эргэлт нь 1.25 тэрбум долларт хүрсэн юм.
1990 онд Wal-Mart нь АНУ-ын хамгийн том жижиглэн худалдааны сүлжээ болж, хурдацтай өргөжиж байв. 1990 онд ном, хөгжим, видео бүтээгдэхүүн нийлүүлдэг Техасын Western Merchandise, Inc., McLane Company компаниудыг худалдаж авсан байна. 1991 онд бөөний худалдааны клубуудын сүлжээ болох "The Wholesale Club, Inc"-ийг худалдан авч, Sam's Club-тэй нэгтгэв. Мөн 1991 онд Мексикийн хамгийн том жижиглэн худалдааны "Cifra" сүлжээ S.A.de C.V-тэй хамтарсан компани байгуулагдсан. Сэм Уолтоныг нас барсны дараа түүний том хүү Робсон Уолтон ТУЗ-ийн даргаар ажиллах болсон байна.
1990-ээд оны дунд үе гэхэд тус компани дотоод зах зээлээ бүрэн эзэлж, гадаадад өргөжин тэлж эхэлсэн. 1994 онд Канадын Woolworth корпорациас 122 Woolco дэлгүүрийг 335 сая доллараар худалдаж авсан. Дараа жилүүдэд Аргентин, Бразил, Хятадад хамтарсан үйлдвэрүүд байгуулагдсан. 1997 онд Мексикийн түнш Cifra компанийн хяналтын багцыг 1.2 тэрбум доллараар худалдаж авсан. Европт дахь өргөжилт Германаас эхэлсэн бөгөөд 1997 оны 12-р сард 21 гипермаркетаас бүрдсэн Wertkauf сүлжээг 880 сая доллараар худалдаж авсан байна.
2021 оны 6-р сарын 3-нд тус компани өөрийн ажилтнууддаа "Samsung Galaxy XCover Pro" ухаалаг гар утсыг үнэ төлбөргүй бэлэглэх болсноо зарлав. Оны эцэс гэхэд 740 мянган хүн гар утсыг авсан. Эдгээр ухаалаг гар утсан дээрх Me@Walmart ажлын програм нь ажилчдыг хянахад тус дөхөм байв.
Эзэмшигчид
[засварлах | кодоор засварлах]Компанийн хамгийн том хувьцаа эзэмшигчид нь компанийг үүсгэн байгуулагч Сэм Уолтоны өв залгамжлагчид бөгөөд Уолтон Энтерпрайзз ХХК (43%) болон Уолтон Файли Холдингс Траст (5.3%) юм. Сэм Уолтоны хүүхдүүд Роб, Алис, Жим нар 60 орчим тэрбум долларын хөрөнгөтэй АНУ-ын хамгийн баян гэр бүлүүдийн тоонд багтдаг юм.
Үйл ажиллагаа
[засварлах | кодоор засварлах]Walmart бол дэлхийн хамгийн том жижиглэн худалдааны сүлжээ бөгөөд 2022 оны байдлаар дэлхийн 24 оронд 10,500 гаруй дэлгүүртэй. Үүнд хүнсний болон үйлдвэрийн бараа, эм тариа зардаг хайпермаркет, их дэлгүүрүүд орно. Үүнээс гадна Walmart нь хэд хэдэн онлайн дэлгүүр эзэмшдэг. АНУ-ын жижиглэн худалдааны зах зээл дэх Walmart-ын гол өрсөлдөгчид нь Home Depot, Kroger, Sears Holdings Corporation, Costco, Target сүлжээ дэлгүүрүүд юм.
Охин крмпаниуд
[засварлах | кодоор засварлах]- АНУ:
- Wal-Mart Stores East, LP (100 %)
- Wal-Mart Stores Texas, LLC (100 %)
- Wal-Mart Property Company (100 %)
- Wal-Mart Real Estate Business Trust (100 %)
- Sam’s West, Inc. (100 %)
- Sam’s East, Inc. (100 %)
- Sam’s Property Company (100 %)
- Sam’s Real Estate Business Trust (100 %)
- Мексик:
- Wal-Mart de Mexico, S.A.B. de C.V. (71 %)
- Канад:
- Wal-Mart Canada Corp. (100 %)
- Сингапур:
- Flipkart Private Limited (75 %)
- Чили:
- Walmart Chile S.A. (100 %)
- Өмнөд Африк:
- Massmart Holdings Ltd. (53 %)
- Кайманы арлууд:
- Qomolangma Holdings Ltd. (100 %)